2012-06-07
зөвлөгөө

Хөдөлгөөн, дасгалын тухай ойлголт

Бүх насны хүмүүс өөрийн амьдрах хугацаандаа тогтмол биеийн хөдөлгөөн хийж байдаг. Хөдөлгөөн нь хүний амьдралын маш чухал зүйлийн нэг юм. Хөдөлгөөнийг дотор нь:

  • ахуйн хэрэгцээнээс үүссэн өөрийн эрэлт хэрэгцээнд тулгуурласан (хог шүүрдэх, шал, аяга таваг угаах, гэр цэвэрлэх зэрэг),

  • байгалиас заяасан бие махбодийн үндсэн хөдөлгөөн (алхах, суух, босох, хэвтэх, явах, гүйх, харайх, авирах зэрэг) гэж ерөнхийд нь 2 хуваадаг.

Хүн зорилготойгоор хөдөлгөөнөө идэвхжүүлдэг. Хашаа хороо, зам талбай цэвэрлэх, ногоо тарих ба арчлах зэрэг нь бүгд идэвхитэй хөдөлгөөн болдог. Орчин үед хүмүүсийн ахуй амьдралд автомат ажиллагаатай, хөдөлмөр хөнгөвчилсөн олон төрлийн багаж төхөөрөмж нэвтэрснээр өдөр тутам хийж байдаг идэвхтэй  хөдөлгөөн эрс багассан байна. Ихэвчлэн суугаа ажилтай байдаг албан хаагчид нь  цахилгаан шат хэрэглэлгүйгээр шатаар өгсөх, хэн нэгнийг утсаар бус очиж дуудах  зэрэг энгийн үйлдлүүд нь хөдөлгөөний идэвхтэй байдлаа хадгалахад ихээхэн  тустай.

Дасгал гэдэг нь эрүүл чийрэг, зөв галбиртай болох, түүнийгээ хадгалж байхын тулд тодорхой үйлдлийг зорилготой, төлөвлөгөөтэй, олон давталттай, эрэмбэ дараалалтай хийдэг хөдөлгөөний  цэгцтэй жор юм. Дасгал хөдөлгөөн нь хүний бие махбодын илч зарцуулалтыг сайжруулж, бодисын солилцоог эрчимжүүлсэнээр биед хуримтлагдах хортой бодисоос чөлөөлөхөд ач холбогдолтой. Тухайлбал ажилдаа явах ба гэртээ харихдаа өдөр бүр явган алхах, эсвэл зөөлөн шогшиж гүйх нь дасгал хөдөлгөөний нэг хэлбэр юм. Зарим хүмүүс чөлөөт цаггүй, бололцоо муутай, мэдлэггүй, дадал хэвшилгүй зэрэг шалтгааны улмаас дасгал хийдэггүй эсвэл дасгал хөдөлгөөн хийх сонирхолгүй байдаг. Энэхүү хандлага нь хүмүүсийг хөдөлгөөний хомсдолд хүргэдэг байна.

Хэвлэл мэдээллийн эх сурвалж, судалгааны дүнгээс хүмүүс биеийн тамирын дасгал хийхээсээ, энгийн хөдөлгөөн хийх сонирхол ихтэй байдаг нь ажиглагджээ.

Явган алхах, дугуй унах, цэцэрлэгт ажиллах зэрэг төдийлөн их эрч хүч шаардахгүй энгийн хөдөлгөөн хийх нь биеийн тамирын дасгал хийхээс илүү сонирхолтой, зугаатай байдаг байна. Харин дасгал хийх нь хувь хүнээс илүү их эрч хүч, чармайлт шаарддаг. Хүн эрүүл чийрэг бие бялдартай байхын тулд өдөр тутам энгийн хөдөлгөөнтэй байх, эсвэл байнга дасгал хийхийн аль нь илүү ач холбогдолтой талаар та нар мэдэх үү?
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax